Монгол Улсын төрийн сүлд, түүний түүхэн эх сурвалжийн тухайд

Монгол Улсын Yндсэн хуулийн 12.2 дугаар зүйлд "Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" гэж заасан байдаг. Yүнээс улбаалан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон сүлд, туг, далбаа, дуулал-ын тухай, тэдгээрийн түүхэн эх сурвалжийн талаар судалснаа цуврал өгүүлэл болгон бичиж буй билээ. Энэ удаад Монгол Улсын төрийн сүлд түүний түүхэн эх сурвалжийн тухай өгүүлэх мину. 
Хүннү гүрний төрийн анхны хаан Модун Шаньюгийн үед төрийн хаш тамга, таван өнгийн тугийг төрийн бүрэн эрхт эзний бэлэг тэмдэг болгон хэрэглэж байсан гэх түүх бий. Хүннү нар нар, сар, гал, буга, гөрөөс, шувууны дүрс эрхэмлэдэг байсан тухай түүхэнд тэмдэглэдсэн нь бий. 13 дугаар зууны үед цагаан шонхор шувуу язгуурын монгол аймаг болох Хиад боржигоны сүлд болж байжээ. Энэ цаг үеэс эрхэмлэх хүндэтгэлийн бэлэгдэл туг, тамга, сүлдтэй болсноор Монгол нутаг дахь эртний улсуудад төр ёс, ёслолын түүх эхэлж, түүний сүлдэнд залбирч сүсэглэх, хаанаа дээдлэх үзэл бодол төлөвшин, монгол түмний түүх уламжлалын нэгэн хэсэг болж зохих үе шатаар хөгжин хувьсаж ирсэн нь маргаангүй билээ.
Төрийн сүлд нь Монголын ард түмнийг олон зуун жилд нэгдэн нягтрах, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцэх, хууль зарлигийг даган биелүүлэх уламжлалт ухаан бүрэлдэн тогтоход чухал тэмүүлэл өгч ирсэн ард түмний оюуны бүтээл, төр ард түмний эрхэм дээд эрхэм шүтээн мөн.
Нэн тэргүүнд Монгол Улсын үе үеийн сүлдэнд мөнхөрч ирсэн "соёмбо" тэмдгийн талаар өгүүлэх нь онох буй за.
1. "Соёмбо" -ын тухай
Монгол улсын төрийн албан ёсны эрхэм дээд бэлгэдэл онцгой тэмдэг болгон хуулиар тогтоосон Соёмбо бол сүлд бөгөөд 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон цагаан толгойн титэм үсэг юм.
"Соёмбо" хэмээх үг нь санскрит хэлний «соёмбозод» буюу түвдээр "аранзүн нанваа", монголоор "өөрөө тодорсон гэгээ" гэсэн үгнээс гаралтай бөгөөд түүний дүрсийг эртний Энэтхэгт буддын соёл эхлэн цэцэглэсэн Магадха орноо өргөн дэлгэр хэрэглэж байсан мөргөлийн номын үсэг болох ланз үсгээр зохиосон, ёс бэлэгдлийг илэрхийлсэн хураангуй номын үсгээс эх авсан ажээ . Энэхүү номын үсэг нь эртний Энэтхэгийн бэлэгдлийн ёгт ном "Нанживандан" хэмээх үсгэн хээнээс сурвалжтай байна. Эл бэлэгдлийн үсэг 16 дугаар зууны үеэс Монголд дэлгэрэн, гоёл чимэглэл, хүндэтгэлинн нандин зүйл болон дээдлэгдэх болжээ. Өндөр гэгээн Занабазар дээрхээс уламжлан монгол үгийг үечлэн бичдэг дөрвөлжин үсгийн дүрэмтэй төстэй соёмбо үсэг зохион, түүний эхний үсгийг сүлд шүтээн болгон өөрийн мутрын тэмдэг болгож байв. Эрдэмтэн Б.Ринчен абугайн бичсэнээр «Соёмбын оройд буй галын дөлийг илэрхийлсэн тэмдэг нь үргэлжид өөдлөн бадрах үйлсийг билэгдсэн байна. Монголчуудын эртний шүтээн наран, саран хоёрыг соёмбо тэмдэгт зурсан нь дээр нь буй галын дөлтэй нийлээд Монголын ард түмэн үүрд бадран цэцэглэж байхын ерөөлийг агуулсан байна. Соёмбо үсгийн дотор буй гурвалжин хоёр тэмдэг нь жад буюу сумны хошууг төлөөлсөн бөгөөд энэ нь халдаар ирэх дайсныг эсэргүүцэн няцаах утга санааг илэрхийлжээ. Хөндлөн шугам дахь тэгш өнцөгт хоёр зураас нь дээдэс доодос цөм төв шударга байж, ард түмэндээ цэх шулуун зүтгэхийн санааг илтгэсэн байна. Тэмдгийн голд хэзээ ч нүдээ аньдаггүй эр, охин хоёр загасаар эрэгтэй, эмэгтэй бүх ард ямагт сонор соргог, сэцэн цэлмэг байж, өсөн үржихийг билэгдсэн байна. Хоёр хажуугийн босоо шугам нь бат бэх хэрэм, хаалтыг томъёолжээ. "Хоёр хүн эвтэй бол төмөр хүрээнээс бат" хэмээсэн ардын сэцэн үгийн агуулгыг үүгээр илэрхийлжээ .
Түүнчлэн Соёмбод ертөнц үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.
Улс төрийн бэлгэдэл нь гал бөгөөд, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ. Ингэснээрээ Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм. Мөн Монголчуудын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болон хэрэглэгдсээр хэдэн зууныг элээсэн байна.
1911 оны эцсээр Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсаны дараа төрийн ёс, ёслолыг цэгцэлж журамлахдаа үндэсний уламжлалт соёлыг тусгасан төрийн бэлгэдэл хэрэглэх болсноор шинэ тулгар улсын төрийн албан ёсны эрхэм дээд бэлгэдэл нь Монголын нэрт соён гэгээрүүлэгч Г.Занабазарын зохиосон соёмбо тэмдгийг төрийн сүлд болгож , түүнийг улсын туг далбаа, төрийн тамганы голд байрлуулж, туурга тусгаар улсын бэлгэ тэмдэг болгон дээдлэх болжээ.
Өгсөх уруудах, үргэлжийн хөдөлгөөнд орших амьдралаа зөв залуурдан чиглүүлэх тийм нэгэн чухлыг бид сэтгэлдээ бүтээдэг. Тэрхүү бүтээл нь олны дунд шүтээн болон тусгалаа олсон байдаг нь гарт баригдаж нүдэнд үзэгдэх агаад сэтгэлд ойр, бодоход илхэнээр зохилддог учиртай. Ийм учир холбогдолоор Улс монголын маань бэлгэдэл бүтсэн нь дамжиггүй ээ. Уг бэлгэдлээс юун түрүүн олон дүрс харагдах нь бий. Дүрсийн зориулалт, утга бэлгэдлийг нэг бүрчлэн хөөн бодвоос тэдгээрийн хэлбэр хэмжээ, хоорондын зай хамаарлыг эмхлэн тогтоож болох агаад зөв ойлголтоос зохист дүрслэл үүсгэх шалтгааныг талбидаг.
Багана - нугарашгүй сахилгыг.
Суурь - хүлцэн тэвчих, уужуу ухааныг.
Доош хандах гурвалжин - тууштай хичээл зүтгэлийг.
Эдгээр гурван хос, зөв тэнцвэрт дүрсний босоо дөрвөлжин зохицол нь тогтсон дэг жаяг, чанд мөрдлөгөөг бэлгэдэхийн сацуу арга билгийг барих орон зайн чөлөө учирлыг бүрдүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр энергийн урсгалыг хашиж тогтоох үйлээр хөдөлгөөний чиглэлийг харилцан дотогш урвуулж хуйлран эргэх зохилдлогод шилжүүлснээр төвлөрөл үүсгэн байна гэж ойлгогддог.
Арга билиг - бүтээл туурвилыг.
Нар сар - эрх хүчин төгөлдөржихийг.
Галын дөл - нэгэн үзүүрт сэтгэлийг.
Эдгээр нь дугираг хэлбэрт хамаарах ба гурван дугирагийн зохицол үүсгэснээр дүрсүүд нэг нэгэндээ шилжих хийгээд хураагдан үзэгдэхээр уялдсан нь илэрхий.
Ингээд төвлөрөл нь арвидан тэгш дүүрэн хэм хэмжээнд хүргэх буюу сэтгэлд наран саран ургахын адил тогтсон тодорхой дүрсэнд дээш, давхцан үзэгдэнэ. Улмаар эргэлдэн хуйларч агаарт замхран буй галын дөлөөр түгээмэлд шилжих нь төгс төгөлдрийг бэлгэдэх ажээ.
Бадма цэцэг - магад гарахын сэтгэлийг.
Соёмбын ар дэвсгэр - үзүүр хязгаар үгүй орон зай буюу орчлон ертөнцийг бэлгэднэ.
Өндөр Гэгээний зохиосон соёмбо бичгийн эхний "бирга" тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо билээ.
Монгол улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ .
Уламжлалт туг сүлдний хэлбэр нь дээд талд нь монгол угсаатны овог, аймаг, улсын эрхэмлэдэг зүйл болох нар, сар, гал, зэр зэвсгийн дүрсийг үйлдэн доор нь монгол хүний эрхэм хүлэг болсон адууны хялгасыг туглан цогцлуулж бас торгомсгоор чимэглэн, голоор нь ишинд бэхэлсэн байдаг. Сүлд тугийг улс гэр, цэргийн хүчийг бадруулах цог хийморийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг байна. Цагаан сүлдийг төрийн туг хэмээж, хар сүлдийг цэргийн туг болгон, алаг сүлдийг энхжин ба дайны үед хэрэглэж байжээ.
Төрийн их цагаан сүлдийг мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө барьж байх бат бэхийг бэлгэджээ. Сүлдний дээрх гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн шармал дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагираг унжуулжээ. Энэ цагиргууд нь бат бэхийг бэлгэдэн шигширэг болдог зориулалттай. Сүлдэндээ их цагаан өргөөгөө дуурайлган бүрхүүл хийн цагаан хялгасаар торлон гэрийнхээ ханыг төлөөлүүлжээ. Есөн цагаан торгон бүч хийж түүнээс хөх манжлага /цацаг/ зүүжээ.
Их цагаан сүлд төрийн ордонд байнга байх учиртай ажээ. Есөн цагаан туг нь гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг.
Догшин хар сүлдийг Чингис хааны эцэг Есүхэй баатраас эхлэн Мандухай Цэцэн, Батмөнх Даян хааныг хүртэл цэргийн сүр хүчийг бэлгэдэн хэрэглэж иржээ. Түүнийг мянган хээр азаргын хөхлөөр хийдэг нь сүр хүчийг илтгэдэг бөгөөд сүлд орой дээрээ ганц хурц илдтэй байдаг нь "Дайсныг ялъя гэвэл нэгэн үзүүрт сэтгэл бодлоор тэмцье" гэсэн санаатай. Доор нь байгаа ган дөрвөн цэцэг нь "Ган мэт бат, цэцэг мэт дэлгэрч байг" гэсэн утга санааг бэлгэджээ. Сүлдний туурга нь ес есөөр байрлуулсан 81 сүвэгчтэй ба энэ нь 81 сүвэгчээр дайсныг оруулахгүй гэсэн утгатай. Бидний дөрвөн зүгт ямар санаатан байна гэдгийг харахыг бэлгэдсэн дөрвөн тийшээ харсан тольтой. Энэ сүлд нь дайны талбарт цэргийн сүр хүчийг бадраана.
Энхжин ба цэргийн аль алинд хэрэглэдэг нэгэн сүлд нь алаг сүлд болно. Дээрх сүлдүүдээс ялгаатай нь гэвэл жадан хэлбэр бүхий оройд нь долоон бурхан одны дүрсийг шингээс урласан байдаг. Хар цагаан өнгийн дэл сүүлээр алаглуулан хийсэн байдаг бөгөөд энэ сүлд нь найрамдлын бэлгэ тэмдэг болдог. Төр цэрэг хоёр найрамдалтай байх гэсэн санааг илэрхийлдэг байна . Төрийн их цагаан сүлдүүд төр түвшин, бат бэх байхын бэлгэдэл болж ирсэн уламжлалтай.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэлийн Эрх зүйн толь бичигт төрийн сүлдийг тодорхойлсон нь: Монгол Улсын төрийн сүлд - (англиар state arms of Mongolia, оросоор государственный герб Монголии ) - Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийн нэг. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлд нь Тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, зорилгын туйл, ялгарах шинжийг илэрхийлсэн төрийн хүндэтгэлийн албан ёсны тэмдэг. Төрийн сүлдийг Үндсэн хуулиар хуульчлан тогтоодог бөгөөд мөнгөн тэмдэгт, хууль зарлигийн толгой албан бичгийн маягт, шуудангийн марк, зарим албан ёсны баримтуудад хэрэглэдэг.
Ингээд Төрийн сүлдийг баталгаажуулан тунхагласан түүхэн эх сурвалжийг дурдвал:
Монголчууд эртнээс өөрийн сүлдтэй байсан бөгөөд түүнийг эхлээд шонхор шувуу, хожим "Соёмбо, Э бам" үсэг Олноо өргөгдсөн Монгол Улсын сүлд болсон гэж судлаачид үздэг.

1911 онд Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ. Анхны Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичигт зааснаар "Тамгын төвийн үсэг соёмбын "Э", "Бам", зүүн баруун этгээдэд монгол үсэг сийлэх, төрийн далбааны дундад мөн үсгийг хийх тухай" заажээ. Ингэснээр соёмбо, "Э", "Бам" үсэг нь сүлд болж, арга билгээ хослон төр улс, үндэс язгуураа хөгжүүлэхийн илэрхийлэл болжээ.
2. Төрийн сүлдийг Үндсэн хуулинд өргөмжилсөн нь
1924 онд Улсын I их хурлаар батлагдсан БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийн Зургаадугаар бүлэг. Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай.
Дөчин долдугаар зүйл. Улсын Их Хурлаас дараалан Засгийн газар, олон явдлын яам, албаны газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрийн дундад соёмбо гэдэг эрхэм үсэг, түүний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгүүлбэл зохино.
Дөчин наймдугаар зүйл. Улсын сүлд тэмдэгт дээр дурдсан соёмбо үсэг, түүний доод этгээдэд бадамлянхуа цэцгийн зураг бүхий сүлд тэмдэг хэрэглэн явуулбал зохино.
Дөчин долдугаар зүйлийг тайлбарлах нь: Европ зэргийн олон улсууд аливаа албаны газруудын тамганд их төлөв улсын сүлд тэмдгийг оруулан дугараг үйлдэх боловч хааяа зарим нэгэн нь дөрвөлжин үйлдэхийн дээр бидний Монгол хэдийнээс дөрвөлжин тамга хэрэглэсээр ирсэн ба бас ч бидний урьдын автономит засгийн үед тамганы дунд дор соёмбо хэмээх эрхэм үсгийг оруулан дөрвөлжнөөр үйлдэн хэрэглэж байсан ба ардын засгийг байгуулснаас нааш мөн нэгэн адил үйлдүүлэн хэрэглэсээр буй нь түүнийг хэвээр оруулан үйлдэж хэрэглэхэд үл зохилдох зүйлгүй учир тийнхүү Улсын Их хурлаас дараалан Засгийн газар, олон явдлын яам, албаны газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрийн дундад дор соёмбо хэмээх тамгыг эрхэм үсэг, түүний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгүүлбэл зохино хэмээн тодорхойлон тогтоосон нь болой.
Дөчин наймдугаар зүйлийг тайлбарлах нь: Аливаа олон улсууд цөм улсын сүлд тэмдэг хэмээн зориуд эрхэмлэх зүйл буй бөгөөд мөн цөм өөр өөрийн эрхэм болгох зүйлээр улсын сүлд тэмдэг болгох ба бидний Монгол улс нэгэнт тамганы дундад дор соёмбо хэмээх эрхэм үсгийг оруулан хэрэглэсэн учир тийнхүү улсын сүлд тэмдэг дор дээр дурдсан соёмбо үсэг, түүний доод этгээдэд бадамлянхуа цэцгийн зураг бүхий сүлд тэмдэг хэрэглэн явуулбаас зохино хэмээн тодорхойлон тогтоосон болой.

XX зууны эхний хагаст төрийн сүлдэнд соёмбо тэмдэг гол цөм нь болж байсан нь монголын төр, түмэн гал мэт өөд өөдөө мандан бадарч, наран, саран мэт элч гэрлээ гийн ээлээ өгч, сум мэт хурц шулуун, хуяг мэт бөх нягт, загас мэт сонор соргог байж, өнөр өтгөн өсч өндийн явж, арга, билгийг шүтэлцүүлэн, төмөр хэрэм лугаа адил бат бэх өнөд мөнх төр улсаа өргөн мандуулъя гэсэн утгатай аж.
1940 онд хуралдсан БНМАУ-ын VIII их хурлаас баталсан II Үндсэн хуулиар тус улсын сүлд тэмдгийг өөрчилж, шинэ сүлд тэмдгийг тогтоон заажээ. Эл Үндсэн хуульд зааснаар "БНМАУ-ын сүлд тэмдэг нь дугуй хэлбэртэй дунд нь Монгол Улсын хангай тал, говь нутгаар нарны зүг уургаа барин давхиж яваа морь унасан ард байх бөгөөд дугуйны хөвөөгөөр өвс ногооны дээр хонь, үхэр, тэмээ, ямаа зэрэг таван хошуу малын толгойг хоёр талаар нь зурж, дугуйн дээд талыг дан алхан хээгээр хүрээлж, дунд нь таван хошуу тэмдэг байрлуулсан байна. Сүлд тэмдэгний туузан дээр хуучин монгол үсгээр "Бүгд Найрамдах Монгол Ард Улс" гэж бичсэн байхаар тогтоожээ. Арай хожим 1955 онд крилл бичигт шилжсэнтэй холбогдуулан, улсын нэрийг шинэ үсгээр болгосон байна.

1939 оны 12 дугаар сарын 8-нд Х.Чойбалсан ЗСБНХУ-ын Гадаад хэргийн арлын комиссариатын орлогч В.Деканозовтой албан ёсоор уулзаж, ирсэн хэрэг зорилгоо түүнд албан ёсоор танилцуулж, Сталин болон бусад удирдагчдад уламжлахыг хүссэн байдаг. Ингээд 1940 оны 1 дүгээр сарын 3-ны орой 20 цагт И.Сталин, Б.Молотов, К.Ворошилов, Л.Берия, В.Деканзов нар Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг Кремлийн ордонд хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтын талаар Х.Чойбалсан өврийн дэвтэртээ шинэ үсгээр товч тэмдэглэн үлдээжээ. Мөн энэхүү уулзалтын орос протокол эдүгээ ОХУ-ын Нийгэм, улс төрийн архивт буй бөлгөө. Энэ уулзалтын үеэр БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийн талаар товч яриа болоход И.Сталин шинэ Сүлдний төслийг үзээд, Монгол Улс газар тариалангийн орон биш, тариа их тарьдаггүй байж юунд ийм сүлдтэй байх вэ, ер таарахгүй. Монгол Улс бол мал аж ахуйн орон. Чингэхээр мал олонтой гэдгээ харуулахын тулд сүлд чинь голдоо морьтой хүнтэй түүнийг тойрсон янз бүрийн малын дүрстэй байвал зохино гэжээ. Уулзалтын төгсгөлд Х.Чойбалсан "Манай улсын сүлдэд Чингис хааны тугийн дүрсийг оруулж болох уу?" хэмээн асуусанд И.Сталин "Болно, хамаагүй. Урьд цагт адууны дэл, сүүлээр ч цэргийн туг манжлага хийж явсан түүх байдаг юм" гэжээ .

1960 онд баталсан III Үндсэн хуулиар төрийн сүлдийг шинэчилжээ. Уг хуулийн Ердүгээр зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд бол төрийн мөн чанар, улс түмний найрамдлын үзлийг илэрхийлэн, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг үзүүлсэн байна. БНМАУ-ын сүлд бол тарианы түрүүгээр хөвөөлсөн дугуй хэлбэртэй байна. Тарианы ишийг хүрд араагаар холбож, эдгээрийг "БНМАУ" гэсэн үсэг бүхий улаан, цэнхэр өнгийн туузаар ороож зангидсан байна. Сүлдийн төвд БНМАУ-ын хангай, говь, тал хосолсон нутгаар мандах коммунизмын наран өөд хурдалж яваа морь унасан хөдөлмөрчин хүн зурсан байна. Сүлдний магнайд тариан түрүүний хоёр үзүүрийн хооронд дундаа алтан соёмбо үсэг бүхий таван хошуу байна .

Эдгээр нь тухайн үеийнхээ төрийн мөн чанар, улс түмний найрамдлын үзэл санааг илэрхийлэх, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг харуулахыг зорьжээ.

3. Өнөөгийн сүлд үүсч тогтсон нь
Ийнхүү Монголын төрийн түүхийн үе шат бүрт төрийн бэлгэдлийн бүтэц, бүрдэлд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байсан нь дээрхээс тодорхой харагдана. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцэх үед төрийн бэлгэ тэмдгийн ажлын хэсэг байгуулан ажиллуулж, энэ үйлсэд 200 орчим зураач, уран бүтээлчид, янз бүрийн мэргэжлийн хүмүүс албан ёсоор оролцож, мэргэжлийн урлагийн байгууллагуудаас төрийн сүлдний загвар зохиох уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдээр нь Төрийн ордонд үзэсгэлэн гаргаж байв. Ардын Их Хурлын 12 дахь удаагийн II хуралдааны үеэр зөвхөн төрийн бэлгэ тэмдэгтэй холбоотой асуудлаар ард түмнээс давхардсан тоогоор 1000 гаруй захидал, бичиг, санал хүсэлт ирж, төрийн сүлд, тамга, туг, далбаа, түүний зураг бүтээх, төрийн дуулалын үгийг өөрсдөө зохиож биеэрээ авчрах, хүсэлтээ илэрхийлэх, утас цахилгаанаар зөвлөх, шүүмжлэн сайжруулах, амжилт ерөөж хүсэх зэрэг олон хэлбэрээр манай иргэд идэвхитэй оролцсон байна. Монгол Улсын Үндсэн хуульд (1992) эдүгээ хүлээн зөвшөөрөгдсөн төрийн сүлдийн загварыг бүтээх гэж олон уран бүтээлчид ухаанаа зарж, уран нүдээ чилээсний дотроос зураач Ц.Ойдовын бүтээл шалгарсан билээ.
Монгол Улсын Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсан өдгөөгийн төрийн сүлдний талаар нэгэнтээ дурсамж өгүүлсэн байдаг. "1992 онд ардчилсан Yндсэн хуулийг хэлэлцэж байх үед төрийн сүлдний олон хувилбар байсны дотор авьяаслаг зураач Тэнгисболдын цагаан шонхор бүхий нэгэн загварын талаар зохиогчтой аминчлан зөвшиж аснаа санаж байна. Гэтэл нэгдлийн дарга нар цагаан шонхрыг хонь барьж иддэг махчин шувуу хэмээн гүтгэж билээ. Есүхэй баатар Тэмүжин хүүгээ дагуулан Хонгирад иргэнд очих замд Дэй Сэцэн учраад "Цагаан шонхор шувуу нар, сарыг атган миний гар дээр буув" хэмээн Хиад иргэдийн сүлдийг зүүдэлснээ бэлгэшээн худ ураг болсон тухай "Монголын нууц товчоо"-нд гардгийг Ардын Их Хурлын төлөөлөгчдийн дотор үзэглээгүй хүн олон байсан юм болов уу гэж санадаг юм. Тэгээд ч "нэгдлийн дарга нар хонь барьж иддэг болохоос нэг ч хонийг цагаан шонхор зооглоогүй" гэсэн тохуу гарсан байх л даа. Өгүүлэн буй цагаан шонхор бол бэлгэдэл агаад хүмүүн төрөлхтөнд элин халих мөрөөдлийн жигүүр ургуулсан эрх чөлөөний үггүй дуун жигүүртнийг их дээдэс минь өргөмжлөхдөө ухаанаасаа ургуулсан буй за. Цагаан шонхор хэмээх оюуны огторгуйд үзэгдсэн зөн бэлгийн шувуу маань гэнэт "Улс хоршооллын өмч идсэн" яланд унаснаас өдгөөгийн сүлд батлагдсан билээ.
Уран сайхны ертөнцөд уурга богино хүмүүс ташуур шилбүүрийг тачигнуулан "Монголчууд морио дээдэлдэг" хэмээн дүрэмдэж морь оруулаад нөгөө мориныхоо сүүлийг годойлгох, толгойг духайлгах зэргээр зааж зурсаар төр, шашин, төвд, монгол үхрийн бөөр нийлүүлснийг хүмүүс мартаагүй. Энэ сүлд эхнээсээ л ой тойнд оролгүй модон морь, бөглөө авагч мэтийн хоч зүүсээр өнөөдрийг хүрэв. Гаднын нэгэн зураач "Танай сүлдийг зурж барахгүй юм байна" гэсэн нь дэндүү нуршааг дооглосон хэрэг л дээ. Алив бэлгэдэл бол утгаас ургасан оновчтой, машид хураангуй илэрхийлэл байдаг бөгөөд удган мод мэт элдэв чимэг зүүлт хэтэрвээс гол санаа бүдгэрдгийг мэргэдийн гэхээсээ мэдэлтний сонорт хүргэе" гэсэн нь тухайн цаг дор нийт иргэд тулгар төрийнхөө туг, сүлдний төлөө мэргэн оюунаа чилээж байсан нь харагдана.
Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулиар (1992) тунхагласан төрийн бэлгэ тэмдэг бол уламжлал, шинэчлэлийн улбаанаас үр гарган, утга нээж, чимгийн зохист байдал, түүхэн залгамж чанарыг хангасан бэлгэдэл билээ. Эдүгээгийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бол Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн" гэж Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийн бүтэц, бүрдлийг тодорхойлсон байна.
Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг нь монголын төр ёс, ард түмний түүхэн уламжлал, ирээдүйн сайн сайхан, мандал бадралын төлөөх хүсэл тэмүүлэл, нийгмийн анги, бүлэг, үндэстэн ястны эе эв, бат нэгдэл, нийгмийн шударга ёсны тухай үзэл, хүн ардын цог хийморь, зориг золбоог илэрхийлж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: "Төрийн сүлд туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн хураангуйлан тунхаглажээ.
Төрийн сүлд нь улсын албан ёсны таних тэмдэг, үндэсний тусгаар тогтнолын бэлгэдэл юм. Сүлд нь тухайн улс орны өвөрмөц шинж, хөгжлийн онцлогийг харуулсан дүрслэл, зураг, чимэг, улсын нэрийн бичиглэл тэргүүтнээс бүтдэг . Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт: "Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүспийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна" гэжээ. Төрийн сүлдийг өнгө ялгах буюу ялгахгүйгээр үйлдэж, дүрсэлж болно.



Төрийн сүлдний суурийн бадам цэцэг нь ариун цагаан сэтгэлийн, хүрээний түмэн насан хээ нь төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрч байхын бэлгэдэл агаад хөх өнгийн суурь нь өнө мөнх тэнгэрийн бэлгэдэл гэдэг.
Сүлдний төв хэсэгт дэх Алтан соёмбо, хүлэг морины хослол бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийн бэлгэдэл ээ. Төрийн сүлдний энэ дүрслэл эрдэнийн хүлэгээ унасан алтан хэвнэгт Монгол баатар мэт "хийсвэрлэл" санагддаг.
Сүлдний магнайн хэсэгт байх чандмань эрдэнэ эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн бэлгэдэл бол доод хэсэг дэх ногоон өнгийн уулан хээ нь эх орон, газар нутгийн маань бэлгэдэл. Монгол орон, иргэн бидний ашид дэвшин хөгжих өлзий хутаг оршсон хүрдийг дүрсэлж хадгаар сүлжсэн байдаг.
Бусад улс орон төрийн сүлдэндээ юу оруулж дүрсэлсэн байдаг бол гэж анзаарч ажиглаваас сүр хүчний бэлгэдэл болгон арслан, бүргэд, шонхор, титэм, эв эеийн, өсөн дэвжихийн бэлгэдэл хүрд, амуу буудай, оливын мөчир, навч, илд бамбай, загас, итгэл бишрэлийн бэлгэдэл болгон хэрээс, гэрэл, газар нутгийн билэгдэл уулс, ус, эрдэм оюуны билэгдэл ном, бичиг дүрсэлсэн байдаг аж. Их Британи, Швейд, Болгарын төрийн сүлд маш олон дүрслэлтэй бол Германы төрийн сүлд шар дэвсгэр дээрх улаан хошуу, урт хөлтэй хар шувуу байх юм. Итали, Франц, Туркийн төрийн сүлд ч гэсэн олон дүрслэлгүй энгийн. Харин Израли, Бутан, Тайланд зэрэг орон шашны билэгдлээ төрийн сүлдэндээ түлхүү залсан байдаг. Англи, АНУ, Франц гэх мэт орнуудын нөлөөнд байсан улсуудын төрийн сүлдэнд дээрхи орнуудын төрийн бэлгэдлийн нөлөө илүүтэй туссан нь ажиглагддаг. Манай сүлдний суурийн хэсэг бадам цэцэг Бутан, ОХУ-ын нэгэн субъект Халимагийн төрийн сүлдэнд байдаг бол соёмбын сар, нар, галын бэлгэдэл Оросын Буриадын сүлдэнд орсон байх юм. Казакстан төрийн сүлдэндээ гэрийн тооно, унь, далавчтай морины хослол дүрсэлжээ.
Монгол түмэн Төрийн сүлдээ бишрэн дээдлэхийн зэрэгцээ мөн зарим иргэд түүнд орсон дүр, дүрслэлийг дэндүү олон агуулга, бэлгэдэлтэй, "тасархай модон морь" шиг хэмээн шүүмжлэн ярьж, бичдэг.
Бусад орны төрийн сүлдэнд ч мөн адил бидний нүдэнд дасаагүй солгой сондгой зүйл олон байдаг. Тухайлбал: Эвэртэй морь, харваач бар, дэвүүртэй арслан, салаа толгойтой бүргэд, уйлж буй матар, тарган гөрөөс, тасархай гар, гинж, үхрийн толгой, Буратиногийн түлхүүр, асгарсан мөнгө, буу, шийдэм, алх балт, алтан ордонг төрийн сүлдэндээ дүрсэлсэн, энх тайван, аз жаргал, бурхан-миний эх орон гээд бичсэн нь ч бий. Төрийн сүлд нь тухайн орныхоо хөгжил дэвшил, ард олны хүсэл тэмүүлэл, бишрэл, төр, засгийн байгуулал гээд олон зүйлийг агуулсан өөр, өөр дүрслэл, агуулгатай байдаг. Манай төрийн сүлд ч мөн адил Монголын гэсэн онцлогтой, монголчууд бидний хүсэл тэмүүлэл, итгэл бишрэл, цог хийморийг илтгэсэн хурдан хүлэг мориор дүрсэлсэн нь өвөрмөц бэлгэдэл төдийгүй дээдлэн хүндэтгэх агуу ихийн шалтгаан билээ.

Монгол төрийн сүлд хийморь үргэлжид мандан бадарч, монгол төрийн үйл ариун байх болтугай!

Хавсаргах нь: 1994 онд Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль батлагдсанаар уг хуулийн 2 дугаар бүлэгт бүхэлд нь төрийн сүлдийг үйлдэх, дүрслэх, байрлуулах зэргийг хуульчлан тогтоож өгсөн юм.
5 дугаар зүйл. Төрийн сүлдийг үйлдэх, дүрслэх
1. Төрийн сүлдийг өнгө ялгах буюу ялгахгүйгээр үйлдэж дүрсэлж болно.
2. Төрийн сүлдийг өнгө ялган үйлдэх буюу дүрслэхэд соёмбо, эрдэнийн хүлэг, түмэн насан хээ, хүрд нь алтан шар, тэнгэр нь хөх, уулан хээ нь тодоос шингэрээж гурваар дагнасан ногоон, бадам цэцэг нь алтан шар өнгийн хүрээтэй цагаан, хадаг нь алтан шар утсаар хүрээлсэн цэнхэр, чандмань эрдэнэ нь ногоон, улаан, хөх өнгийг дөрвөөр дагнаж алтан шар өнгийн зураасаар хүрээлсэн байна. Төрийн сүлдний чандмань эрдэнэ, түмэн насан хээ, бадам цэцэг нь элгэн хүрэн дэвсгэр дээр байрлана.
З. Төрийн сүлдийг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, харьцааг чанд баримтална.

6 дугаар зүйл. Төрийн сүлдийг байрлуулах
1. Төрийн сүлдийг:
1/ Монгол Улсын Төрийн тамганд;
2/ Монгол Улсын хилийн багананд;
З/ Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хайрцаг дээр;
4/ Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны болон Төрийн ордны соёмбот танхим, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаанд;
5/ иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын хуралдааны байранд-хуралдааны хугацаанд;
6/ бүх шатны шүүхийн шүүх хуралдааны болон иргэдийн төрөлт, гэрлэлтийг бүртгэх танхимд;
7/ бүх шатны Засаг даргын албан тасалгаанд;
8/ Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч,консулын газрын хаягт;
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурал, бүх шатны Засаг дарга, шүүх, прокурор, монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын хэвлэмэл хуудаст;
/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
10/ галт тэрэгний зүтгүүр, суудлын вагоны хажуу талд тус тус байрлуулна.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан танхим, өргөө, албан тасалгаанд байрлуулах Төрийн сүлдийг өнгөөр ялгасан байна.
З. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад газарт Төрийн сүлдийг байрлуулах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ .

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. anjigai | 2011-03-09 12:34:59
Зиа одоо болж байна шүү.
2. consula | 2011-03-09 12:45:00
бас л урт болчихлоо, мэдээ рүү явуулчихсаан. баярлалаа Анжигай
3. Бээст | 2011-03-09 12:45:19
Консул найзаа, 1911 оноос өмнөх Монгол улс үндэстний туг далбааны зураг хөрөг байна уу /нэг үгээр 2220 жилийн өмнөх ба түүнээс хойш хугацааны/ маш их хэрэгтэй байна, боломжтой бол туслаач
4. consula | 2011-03-09 13:03:00
bestsniper, уг нь ч хадгалж цуглаалсан материал бага сага бий дээ, гэвч яаж авч өгөлцөхийн хө хэхэ
5. anjigai | 2011-03-09 14:05:22
Эндээ бас нэг бичлэг болгоод оруулчихгүй юу?

Тэгвэл таатай.
6. Ganaa (зочин) | 2011-03-09 14:08:23
uneheer goy medeelel bna nza amjilt
7. consula | 2011-03-09 14:21:54
баярлалаа Ганаа
8. Бээст | 2011-03-09 14:46:43
зурвасдав
9. aagii (зочин) | 2011-03-30 20:22:54
sonirholtoi yum bnaaa.
10. consula | 2011-03-30 20:26:19
баярлалаа Аагий манайхаар зочилсонд
ёох ёстой шүд зуун уншиж дуусгалаа, бас л урт байна шүү
12. consula | 2011-05-01 17:55:34
negen_goe_az_jargal, гүрийн байж уншиж дуусгасанд их баярлалаа. харин их урт болоод бгаам даа. тэгж байгаад танаж оруулдаг болноо
13. suvdaa (зочин) | 2011-12-03 18:47:59
minii hecheel yum aa
14. а (зочин) | 2011-12-04 23:09:30
СОЁМБОТ ТУГТНУУД ГАЛДАН БОШИГТЫГ, ЧИНГҮНЖАВЫГ, АМАРСАНААГ ХҮЙС ТЭМТЭРСЭН
15. haliun (зочин) | 2012-04-22 20:25:37
uneheer goe medeelel bna bayrlalaa iluu olon shan zuiluudiig tawiarai amjilt

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!