Монгол Улсын төрийн дуулал, түүний өөрчлөлт, шинэчлэл

Өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шугамаар бичсэн өгүүллийг толилуулж байна. Та Монгол Улсынхаа төрийн дууллын түүх, эх сурвалжийг мэдэх үү? Сонирхоод үзээрэй.

Хүн төрөлхтний түүхнээ улс гүрэн байгуулж явсан ард түмэн бүр өөр өөрийн өөрийн билэгдлийг буй болгон хэрэглэсээр иржээ. Тэрхүү билэгдлийн зүйлсийн бүрэлдэхүүнд улс гүрний нэр, туг далбаа, сүлд тэмдэг, төрийн дуулал, нийслэл хот, төрийн дээд шагнал зэрэг багтах бөгөөд тэдгээрийг тухайн улсын хуулийн дагуу албан ёсоор тогтоож, улсын дотоодын хамгийн эрхэм дээд зүйл болгон хүндэлж, олон улсын хэмжээнд өөрийн улсын онцлогийг илэрхийлэх билэгдлийн тэмдэг болгодог билээ. Төрийн эрхэм нэгэн билэгдэл нь Төрийн дуулал буюу Сүлд дуулал юм. Төрийн дуулал бол улс орныхоо сүр хүчин онцлогийг билэгдсэн эрхэм нандин шүлэг, аялгуу хоёроос бүрдэнэ.

Монголчууд үе үеийн түүхэндээ янз бүрийн төрийн дуулалтай байсан бөгөөд тухайн нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, хүмүүсийн соёл иргэншилтэй холбогдуулан нэлээд өөрчлөлтүүдийг хийж байлаа.

            ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачилж академич Л.Болд, доктор Э.Пүрэвжав нарын эрдэмтдийн эрхлэн гаргасан "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь"-нд бичсэнээр: "дуулал" гэдэг нь aecia цохилго даган нийцсэн зохих тооны үгсээс бүрэлдсэн нэг зүйлийн зохиолын хэлбэр. Харин "Төрийн дуулал" гэдгийг төр улсын мандан бадрахын билэгдэл болгосон хүндэтгэлийн дуу гэж тодорхойлжээ [1].

Мөн ШУА-аас эрхлэн гаргасан "Монголын нэвтэрхий толь" номонд "Төрийн дуулал" гэдэг нь төрийн үйл хэргийг ёслох хийгээд улс гүрнийг хүндэтгэхэд төрийн сүлд дуулал эгшиглэдэг. Төрийн билэгдлийн нэг хэлбэр. Монгол Улсын төрийн сүлд дуулал нь эх орны хөгжлийн онцлогийг тусгаж ирсэн түүхтэй, улс орны сүр хүчний билэгдэл юм" гэж тайлбарласан байдаг [2].

Харин манай нэртэй хуульч эрдэмтдийн хамтран гаргасан "Хууль зүйн тайлбар толь" (2003) номонд "Төрийн дуулал" гэдгийг (Грекийн humrios - баяр ёслолын дуу) гэсэн үгнээс гаралтай эх орон, төр, түүхэн бахархал, баатарлаг явдлыг магтан дуулсан хөгжмийн бүтээл гэж тайлбарласан байдаг.

Эзэн Чингисийн үед Монгол Улс төрийн хэд хэдэн дуулалтай байсныг судлаачид олж тогтоосон байна. XIX-XX зууныг дамжин амьдарч байсан эрдэмтэн, судлаач Лувсанчойдон "Монголын зан үйлийн ойлбор" хэмээх судалгааны зохиолдоо "Чингис хааны үеийн төрийн дуулал болбаас цэргийн сүр хүч, эзний буяныг магтаж дуулсан байдаг" гэжээ. Судлаачийн нотолж буйгаар тэдгээр дуулалд:

                        " Эзэн төрийн эрхээр

                        Эелэж хамт жаргая

                        Хааны их буянаар

                        Хамаг улсаа хамтатгая

                                    Эрхэм шашны гэгээнд

                                    Эебээр хамт жаргая

                                    Хаан эцгийн буянаар

                                    Харгис мууг арилгая" гэх буюу өөр нэгэн дуулалд:

                        "Сансар хүрд эргэх ёсон

                        Салхин мэт түргэн

                        Сайн муу заяаных

                        Сааташгүй жаргая бид

                                    Огторгуйн салхин тэгшгүй

                                    Орчлонгийн хүмүүн мөнхгүй

                                    Олдох алдах тогтсон хэмжээ

                                    Учирсан цагт жаргая бид" хэмээн дуулдаг байжээ [3].

Мөн түүнчлэн "Эртний сайхан" дуу нь хамгийн эрт үеэс гаралтай гэгдэх бөгөөд "Чингисийн төрийн дуулал" буюу "Сүлд дуу" хэмээн монгол зон ихэд хүндэтгэлтэй ханддаг байжээ. Гэхдээ энэ дуу анх гарсан тухайн үедээ "Эртний сайхан" гэж нэрлэгддэг байсан эсэх нь бас тодорхойгүй. Монголчуудын их эзнээ хүндэтгэх сэтгэлийн угаас ийм нэрийг хожуу авсан байх магадлалтай. 1930-аад оны үеэс эл дуу бараг дуулагдахаа больж Магсархурцын Дугаржавын монгол дууны түүвэртээ хэвлэж үлдээснээр өнөө үед хүрч ирсэн байна. "Эртний сайхан" дууны зарим мөр бадаг он цагийн уртад хувирч өөрчлөгдөн ялангуяа бурхны шашны нөлөөлөл нэлээдгүй орсон нь ажиглагдаж байна.

ЭРТНИЙ САЙХАН

(Төрийн найрын магнай дуу)

Эртний сайхан ерөөлөөр

Энэ сайхан оронд нь

Эзэн Богд Чингис хааныхаа

Язгууран ээц язгуураас бүрдэвээ хө

            Тэнгэр мэт заяатай

            Тэгш таван оюунтай

            Тэнүүн уужим зарлигтай

            Тэнгэрийн минь үр сад билээ

Олон одны дундаас

Сарны гэрэл тодорхой

Олон хүмүүний дундаас

Яндар мэт чимэгтэй

            Сүмбэр уулын оройгоос

            Сүндэрлэж цацраад

Сүр жавхлан дэлгэрээд

Сүлд нь бат болтугай

Хамаг номын рашааныг

Ханахын чинээгээр хүртээд

Хаан эзэн Чингисийн өмнө

Хамт бүгдээрээ жаргая

Харин 1914 оны 11 дүгээр сард Богд Хааны шадар цэргийн бүрэлдэхүүнд 9 хүний орон тоотой цэргийн үлээвэр хөгжмийн салаа байгуулагджээ. Шадар цэргийн дундаас онцгой авъяастайг нь сонгон авч орос хөгжимчин А.Кольцовоор багшлуулан ..."Ная хүрсэн настангууд", "Гунан Хар" зэрэг дууг хөгжимдөхөд хүүхэд хөгшидгүй цуглаж хөөр болдог байв. Тэр үеэс төр шашны элдэв ёслол болоход "Зуун лангийн жороо Луус"-ыг төрийн дуулал болгон үлээвэр хөгжмөөр эгшиглүүдэг байжээ. Эдгээр баримтууд нь монгол төрийн дууллын он тооллын түүхэн хэлхээс болж буй юм.

            Монгол Улсын төрийн дуулал нь манай орны хөгжлийн онцлогтой холбоотойгоор урт замыг туулан өөрчлөгдөн хувирч иржээ. Богд хаант Монгол улсын үед лам, шашин, бурхан, хааныг магтсан "Авралын дээд Богд лам", "Эрдэнэ мэт шашин" зэрэг уртын дууг төрийн дуулал болгон төрийн их ёслол, дээд хүндлэлийн найранд дуулдаг байжээ. Монголын ард түмэн гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг зэвсэг барин боссон 1921 онд Жанжин Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэргийн дунд анхны хувьсгалын дуулал үүссэн баримт байдаг. Хувьсгалын анхны ялалт Хиагт хотоос эхэлж, энэхүү ялалт нь ялгуусан хувьсгалчдын хийморийг сэргээн цог жавхланг нь бадрааж, хувьсгалын дуу гарахад хүргэсэн юм. Ардын журамт цэргийн бадруун сэтгэлийн илэрхийлэл болсон анхны дуу нь Хиагтыг чөлөөлөхөд онц гарамгай байлдаж явсан буучийн сумангаас эхлэн цуурайтав. Хуурч Гавар, Ганганы Гомбожав, Лувсанцэрэн, Чимэддорж, Бямба, Наваанжав нарын зэрэг партизанууд энэ дууг хамтран зохиожээ. Тэгээд энэ дууг журамт цэргийнхэн баяжуулан дуулсаар найман бадаг болгон найруулж, хувьсгалчдын хүндэт дуулал болгосон түүхтэй юм.

            Ийнхүү хувьсгалын партизан нар үгийг нь зохион хуучны "Хүрэл сум" хэмээх ардын богино дууны аяар дуулж гаргасан хувьсгалчдын дуулал нь монгол хүн бүрийн мэдэх "Шивээ хиагт" билээ. Энэ дуунд хувьсгалын анхны ялалт, ардын нам, засаг, жанжин Д.Сүхбаатар, ардын журамт цэрэг, түүний зэр зэвсгийн хүчийг магтан дуулдаг.

            Шинэ үеийн аман зохиолын эхний бүтээл болсон "Шивээ хиагт" дууг 1921 оны хувьсгалын анхны түүхт ялалтын дараа ардын журамт цэргүүд зохиосныг манай нам төрийн их удирдагч Д.Сүхбаатар хөхиүлэн сайшааж, утга агуулгыг нь улам сайжруулахыг зөвлөж байсан баримт ч мөн бий. 1921 оны Ардын хувьсгалын эхний ялалтыг хийсэн журамт цэргийн хуаранд орчин үеийн аман зохиолын төдийгүй, шинэ үеийн урлаг утга зохиолын анхны бүтээл болсон "Шивээ хиагт" дуу зохиогдож, улмаар эрх чөлөөний төлөө зэвсэгт тэмцлийн ялалтын цуурай болж "Магнаг үсэгтэй туг", "Улаан туг" зэрэг хувьсгалын бусад дуу дараалан зохиогдсон юм. "Шивээ хиагт" дууг анх ардын журамт цэрэг Шивээ хиагт хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн анхны түүхт ялалтын орой Дамдинсүрэнгийн даргалсан пулемёт сумангийнхан зохиосон байна. Энэ дууг зохиоход хуурч Гавар, дууч Гомбожав нар голлох үүрэг гүйцэтгэсэн боловч бүхэлдээ энэ нь хамтын бүтээл болжээ. Аман зохиол олны дунд амаар тарахдаа ямар ч өөрчлөлт хувьсалтгүй анхны хэвээр байдаг бус түүхэн цаг үеийн онцлогт зохицон нийгмийн утга санаа нь гүнзгийрч баяжин сайжирдаг билээ. Эдгээр дуунуудад ч энэ онцлог тодорхой харагддаг бөгөөд ялангуяа империализм ба феодализмыг эсэргүүцсэн ардын хувьсгал улам гүнзгийрэхэд эдгээр дууны нийгмийн идэвхтэй тэмцлийн үзэл санаа улам тодрон товойжээ [4].

Эдгээр дуу нь хувьсгалын түүхт ялалтын уран сайхны тусгал болсон төдийгүй, хувьсгалт үзэл санааны илэрхийлэл болж олон түмнийг хувьсгалжуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн билээ.

"Шивээ хиагт" дуунд ард түмэн эрх чөлөөгөө байлдан олсныг:

Шивээ хиагтыг авахад

Шилэн дэнлүү хэрэггүй

Шийдээд ирсэн гаминг

Ширмэн бөмбөгөөр сөнөөв

гэж урнаар илэрхийлээд улмаар:

Ардын намыг байгуулаад

Аугаа зорилгыг тунхаглаад

Алимад дайсныг дараад

Ард түмнээ амаржуулав.

            Ухаа хонгор морьтой доо

            Улсын их жанжин даа

            Учир бүгдийг ухуулсан

            Ухаан ихтэй хүн дээ

хэмээн хувьсгалын зорилго, намын удирдан чиглүүлэх роль, ялалтын сүр хүчийг дууны хэлээр тунхаглан зарласан юм. Тэгвэл "Магнаг үсэгтэй туг" дууг анх ардын журамт цэрэг 1921 оны зун Нийслэл хүрээг чөлөөлөхөөр давшин явах замд зохиосон бөгөөд:

Магнаг үсэгтэй тугийг

Магнай дээрээ мандуулсан юм аа хө

Марташ үгүй гамин чандрууг

Магад үнэнээр дарсан юм аа хө

Тодхон үсэгтэй тугийг

Толгой дээрээ мандуулсан юм аа хө

Тоолж баршгүй гамин чандрууг

Тойрч бүслээд дарсан юм аа хө

хэмээн ардын хувьсгалын нэг гол дайсан болсон гадаадын түрэмгийлэгчид, тухайлбал гаминг даран сөнөөсөн түүхэн ялалтын тухай дүрсэлдэг бол "Улаан туг" дуунд:

Улаан тугийг мандуулаад

Улсын сүрийг бадруулаад

Урвасан хулгай Найдан ванг

Уухай хийгээд дарваа хө

хэмээн гадаадын түрэмгийлэгчидтэй сүлбэлдэж улс орныг уландаа гишгэж байсан дотоодын феодалуудын дарлалыг устгаж ард түмэн эрх чөлөөгөө олж хувьсгалт засаг төрөө байгуулсан түүхэн ялалтыг тусган дуулжээ. Ийнхүү эдгээр дуунд "Улс орноо гадаадын түрэмгийлэгчид, дотоодын дарлагч мөлжлөгчдөөс чөлөөлөх гэж хувьсгалд боссон ард түмний хувьсгалч дайчин сэтгэл санаа өргөн бөгөөд гүн далайцтай тодрон гарсан байна. Өөрөөр хэлбэл хувьсгалт дуунуудад имперализм ба феодализмыг эсэргүүцсэн манай хувьсгалын агуулга тодорч байжээ [5].

Ардын хувьсгалын эхэн үед зохиогдсон Шивээ хиагт, Магнаг үсэгтэй туг, Улаан туг зэрэг дуу нь эхэн үедээ хувьсгалт шинэ Монголын сүлд дууллын үүргийг гүйцэтгэж байв. Түүний дараа бүх дэлхийн дарлагдан мөлжлөгдсөн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэйгээр эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо тэмцэх үзэл санааг илэрхийлэн С.Буяннэмэхийн зохиосон "Монгол Интернационал" хэмээх дуу ихэд дэлгэрч, 1940-өөд оныг дуустал Монгол Улсын төрийн дуулал болон цууриатсан юм.

Өөрөөр хэлбэл 1923 оноос 1940 -өөд оныг дуустал Монгол Улсын төрийн дуулал нь 1923 онд зохиогдсон С.Буяннэмэхийн үг, Насанбатын ая "Монгол Интернационал" хэмээх дуу байв.

БҮХ ДЭЛХИЙН ЭВ ХАМТЫН III ДУГААР ИНТЕРНАЦИОНАЛЫН

МАГТУУ ДУУ (1923-1940)

Бүх дэлхийн ард түмэнд

Бүрэн эрхийг олгогч интернациональ

Бүдүүлэг ядуу ард түмнийг

Гэгээнээр удирдагч интернационал

Хамаг дэлхийн ядуу ардыг

Харанхуйгаар мөлжигч харгисуудыг

Хашин арилгахаар эсэргүүцсэн

Хасын замтай интернационал

Гэмгүй суусан орчлонг

Гэмтүүлэн дарлагч капиталтанг

Хийсгэн арилгахаар эсэргүүцсэн

Гэгээн мөртэй интернационал

Гайхамшигт жавхлант улаан тугаар

Газрын бөмбөрцгийг бүрхээд

Гал усны гашуун зовлонгоос гэтэлгэгч

Гайхамшигт гуравдугаар интернационал

Дорно өрнийн олон тив дэх

Доромжлогдсон дарлагдсан ард түмэн

Даруйхан бүгдээрээ босоцгоож

Догшин харгисуудыг дарцгаагтун

Баялаг ноёдуудын эрх мэдэлд

Балбагдан дарлагдсан ард түмэн

Багын хайран наснаасаа

Үйлдвэрт зүтгэсэн ард түмэн

Эдгээр олон зовлонтон нар

Эв хамтын интернационалд нэгдэж

Эрчимтэй ангийн чанарыг баримтлан эзэрхэг баячуудыг 

эсэргүүцье

Жаргалант байдлыг зохион чадагч

Жавхлант туг юугаа байгуулсан

Журамт эв хамт намуудын

Журам холбоот интернационал

Гэгээн тунгалаг эрдэм соёлоор

Дөрвөн зүгтээ цэцэг дэлгэж

Гэрэлт нарны эрдэнийн туяагаар

Ертөнц дахиныг гийгүүлэх болтугай

Энэхүү дэлхийн ард түмнийг

Эрхбиш нэгтгэх зорилготой

Эв хамтын гуравдугаар интернационал

Үүрд наран мэт мандах болтугай

1950 онд төрийн дууллыг шинэчлэх хэрэгтэй хэмээн үзэж улсаас зохиолч, хөгжмийн зохиолчдын дунд төрийн шинэ дууллын үг, ая зохиох уралдаан зарлаж шалгаруулсан байна. Улмаар уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн зохиосон үгэнд хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар ая хийж БНМАУ-ын төрийн шинэ сүлд дуулал бүтээгджээ. 

Нэрт зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай сүлд дууллыг бичих болсон дурсамжаа ийнхүү өгүүлсэн байдаг. "... Улаанбаатарт байхдаа нэг шүлэг бичсэн. Тэгэхэд Ленинградад диссертаци бичих гээд "Гэсэр"-ийг судалж байлаа. Гэтэл Москвагаас дуудлаа. Очсон чинь "Сүлд дуу" бич гэв. Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан нарыг заавал оруул гэдэг юм байна. Энэ нэрнүүд нь шүлгэнд орж өгдөггүй. Тэр үед Цэгмид Москвад сурч байсан, надад бас тусалсан. Москвад би нэг байранд нэг сарын хугацаатай сууваа... Портвейн, ценандал архи, ногоон вандуй 2 лаазыг авчихлаа. Улаанбаатараас Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар надтай утсаар ярина. Би бичсэнээ уншина. Тэр үг нь болно, тэр нь болохгүй гэнэ. Яриад л байна. Утсаар ярьсан зардлыг Зөвлөлтөд суугаа элчин хариуцна. Тэгэхэд Маршал их болгоомжилог байлаа. "Сергей Михалков, Исаковский хоёртой уулзаж зөвлөлгөө ав" гэлээ. Тэд их сайн шүлэг болжээ гэлээ. Энэ тухайгаа маршалд дуулгалаа. Гэтэл тэр хоёрынхоо болжээ гэсэн гарын үсэгтэй хариуг бичгээр ирүүл гэв ээ. Нөгөө хоёр дээрээ очсон чинь бид хоёроор яах гээд байгаа юм гэлээ. Учрыг нь хэллээ. Тэд ч дор нь зөвшөөрч, хариу өгдөг юм байна. Улс төр, уран сайхныхаа талаас сайн боллоо гэлцэж байсан. Тэгээд "Төрийн сүлд дуулал" гээд гурван жил дууллаа. Гэтэл нөгөө "Халх монгол" асуудал дахин гарч ирэв ээ. Одоогийн энэ шинэ сүлд дууны үг уламжлалт зарчимаа орхиод, шинэ маягаар бичигдсэн юм шүү дээ" [6].

1950 оны 3 дугаар сарын 27-ны өдөр. Москва хот

 Ц.Дамдинсүрэн

БНМАУ-ЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

Дархан манай хувьсгалт улс

Даяар Монголын ариун голомт

Дайсны хөлд хэзээ ч орохгүй

Дандаа энхжиж үүрд мөнхжинө.

                    Дахилт:

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

Хатан зориг бүхий л чадлаар

Хайрт Монгол орноо мандуулна

Ачит Ленин, Сталины заасан

Ардын төлөө, жаргалын замаар

Агуу Монгол орноо удирдсан

Ачит Сүхбаатар, Чойбалсан

                    Дахилт:

Зоригт Монголын золтой ардууд

Зовлонг тонилгож жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай.

            Ийнхүү 1950 оны эхээр зохиолч Ц.Дамдинсүрэн үгийг нь, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар аяыг нь зохиосон "БНМАУ-ын сүлд дуулал" бүтээгджээ. Эл дуу нь Монголын төрөөс албан ёсоор батлагдсан анхны сүлд дуулал байсан юм. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар зарлигаар батлан, 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн орон даяар дуулуулж заншжээ. (Уг зарлигийг бүрэн эхээр нь оруулав). Шинэ сүлд дууллыг бүтээгч нар үгийг нь монгол шүлгийн ёсоор зохион, аяыг нь монголын хүндэтгэлийн аялгуунд тааруулан гаргасан ажээ. Иймээс энэ дуулал нь ардын дуу мэт тэр дороо түгэн дэлгэрчээ.

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ

1950 оны 4 дүгээр                                Дугаар 43                                      Улаанбаатар

сарын 26-ны өдөр                                                                                             хот

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН

ШИНЭ СУЛД ДУУЛЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

            Ардын хувьсгалын жилүүдэд БНМАУ-ын байдалд гарсан хувьсгалт өөрчлөлтүүдийг харгалзаж БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ.

            1. Үгийг Ц.Дамдинсүрэн зохиож, хөгжмийг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар оруулсан БНМАУ-ын шинэ сүлд дууллыг баталсугай.                                                                                                                                                     

            2. БНМАУ-ын шинэ сүлд дууллыг 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн улс орон даяар дуулж хэрэглэсүгэй.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД

---оОо---

       1961 оноос сүлд дууллыг дээд газрын шийдвэрээр, зохиолч Ц.Гайтав, Ч.Чимэд нарын өөрчлөн найруулсан үгээр дуулах болсон.

            БНМАУ-ЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

(1961-1991)

Урьдын бэрх дарлалыг устгаж

Ардын эрх жаргалыг тогтоож

Бүх нийтийн зоригийг илтгэсэн

Бүгд Найрамдах Улсаа байгуулсан

             Сайхан Монголын цэлгэр орон

             Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

             Үеийн үед энхжин бадартугай

             Үрийн үрд батжин мандтугай

Ачит нам алсыг гийгүүлж

Хүчит түмэн улсыг хөгжүүлж

Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн

Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон

Дахилт

Зөвлөлт оронтой заяа холбож

Дэвшилт олонтой санаа нийлж

Хандах зүгийг бахтай барьсан

Мандах коммунизмыг цогтой зорьсон

хэмээн тэр үеийн радио өргөн нэвтрүүлгийн эхлэл болон төгсгөлд дуулагдсаар ирсэн юм. 

1991 оноос хойш 1950 оны төрийн дууллын ихэнх хэсгийг ашиглаж байсан боловч 2 дахь бадгийг (Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсанг магтсан) устгасан байна.

Ингээд 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд: "1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын билэг тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, дуулал мөн. 2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. 7. Төрийн билэг тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана" хэмээн заажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу "Төрийн билэг тэмдгийн тухай хууль"-ийг 1994 онд УИХ-аас баталсан юм. Уг хуулинд төрийн дууллыг хаана, ямар үед эгшиглүүлэх болон хэрхэн хүндэтгэх талаар тодорхой зааж өгсөн юм. Тодруулбал:

     Зургаадугаар бүлэг: Монгол Улсын төрийн дуулал, түүнийг эгшиглүүлэх, хүндэтгэх.

     20 дугаар зүйл: Төрийн дуулал

Монгол Улсын төрийн дуулал нь энэ хуульд хавсаргасан үг, аятай байна.

     21 дүгээр зүйл: Төрийн дууллыг эгшиглүүлэх

  • 1. Төрийн дууллыг дараах тохиолдолд эгшиглүүлнэ.

     1/ Төрийн тугийг хүндэтгэн залах ёслол үйлдэхэд;

     2/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн тангараг өргөсний дараа;

     3/ Монголын ард түмний баяр ёслолд зориулсан баярын хурал, цуглаан, ёслолын ажиллагааг нээхэд;

     4/ Монгол Улсын түүхэнд холбогдох болон эх орон, ард түмнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөө, цогцолборыг нээхэд;

     5/ Радио өргөн нэвтрүүлгийн үндсэн хөтөлбөр эхлэх, төгсөхөд;

     6/ Бүх ард түмний баяр ёслолд зориулсан телевизийн хөтөлбөрийн анхны өдрийн нэвтрүүлэг эхлэхэд;

     7/ Хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд.

2. Олон улсын чанартай биеийн тамир, спортын уралдаан, тэмцээн, наадам, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээний үед олон улсын жишгийг баримтлан Төрийн дууллыг эгшиглүүлж болно.

3. Төрийн дууллыг найрал, үлээвэр хөгжим, дуу бичлэгийн хэрэгсэл ашиглан эгшиглүүлэх буюу найрал дуу, найрал дуу - хөгжим зэрэг бусад хэлбэрээр дуулж, хөгжимдөж болно.

4. Төрийн дууллыг энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан тохиолдолд бүрэн хэмжээгээр, бусад тохиолдолд эхний бадгийг дахилтын хамт эгшиглүүлнэ.

5. Цэргийн анги нэгтгэлд Төрийн дууллыг эгшиглүүлэх журмыг цэргийн дүрмээр зохицуулна.

     22 дугаар зүйл. Төрийн дууллыг хүндэтгэх

     Төрийн дууллыг олон нийтийн өмнө эгшиглүүлэхэд оролцогч бүх хүн босож хүндэтгэнэ.    

            Монгол Улсын Төрийн билэг тэмдгийн тухай хуулийн хавсралт

Үгийг Ц.Дамдинсүрэн, аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

(1991-2006 он)

Дархан манай хувьсгалт улс

Даяар монголын ариун голомт

Дайсны хөлд хэзээ ч орохгүй

Дандаа энхжин үүрд мөнxжинө

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

Хатан зориг бүхий чадлаараа

Хайрт Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд

Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай.

Монгол улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дууллыг шинэчилэхээр зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулснаар 2006 оны 7 дугаар сарын 11-ээс эхлэн шинэчилсэн хувилбараар дуулагдаж эхэллээ.

Төрийн тэргүүний санаачилсан ажлын хэсгийнхний зөвлөмжөөр төрийн дуулалд язгуур уламжлал, утга соёлоо бадруулах үүднээс нэгэн бадаг нэмсэн байна. Уг ажлын хэсэгт манай нэр бүхий зургаан Ардын уран зохиолч оролцжээ.

Тэд сүлд дууллыг өөрчлөхөөр ажилласан боловч Ц.Дамдинсүрэнгийн зохиосон ихэнх үгийг хэвээр үлдээж дууллын зарим үг, мөрийг өөрчилж бадаг нэмээд зохиолчийнх нь нэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм.

Үг. Ц.Дамдинсүрэн, ая. Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

(2006 оноос)

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.

Харин 2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 37 тоот зарлигаа гаргаж Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвийн жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Монгол Улсын төрийн дууллыг оюутан, сурагчид дуулан эгшиглүүлж байхаар болсон билээ. Энэ нь эх оронч үзэл, үндэсний эв нэгдэл, Монгол төрөө дээдлэх үзэл санааг энэ төрийн ирээдүйн эзэд болсон хүүхэд залуучуудад төлөвшүүлж, тэднийг нэгэн үзэл санааны дор нэгтгэсэн чухал алхам болсон юм.

Монгол төр бат бөх оршин тогтнох, нугаршгүй хүчтэй байх, төрийн үйл хэрэг тасралтгүй үргэлжлэхийн өнө мөнхийн билэгдэл болсон төрийн дууллаа иргэн бүр дуулж сурцгаая!       

Ашигласан ном, бүтээл

  • 1. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. УБ., 2008
  • 2. Монголын нэвтэрхий толь. УБ., 2006
  • 3. Лувсанчойндон. Монголын зан үйлийн ойлбор. УБ., 1981
  • 4. Д.Цэнд. Монголын орчин үеийн яруу найраг. УБ., 1972
  • 5. Ш.Нацагдорж. БНМАУ-ын соёлын түүх. УБ., 1981
  • 6. Утга зохиол урлаг сонин. УБ., 2008. №008(2277)
Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. anjigai | 2011-03-04 12:54:24
ЭНийгээ БАнжиг мэдээрүү явуулчихвал олон хүн унших юм байна шүү. Нүүрэнд гаргаад өгөе
2. consula | 2011-03-04 12:55:08
өө яасан гоё юм бэ, их баярлалаа Анжигай

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!